1991 оны наадмаар Монголд нэгэн содон сонин зүйл болсныг олон хүн
мартаагүй байгаа болов уу. Алс баруун Европоос нэгэн монгол хүн олон
арван жилийн дараа төрсөн нутагтаа эргэн иржээ. Рембрандтын "тэнэмэл хүү
буцаж ирдэгээс" ялгаатай нь тэрээр лус шиг баян тарган нэгэн болсонд
оршино.
Тэрээр мөн л Голландын суут зураачийн нутгаас буцаж ирсэн төдийгүй, зураг дээрхийн нэгэн адил сахал үсэндээ баригджээ. Харин халаасанд нь сая долларын чек байлаа. Тэрээр их нутагтаа ирэнгүүтээ Ромын папын нэгэн адил газар үнслээ. Буянт-Ухаагийн шороотой цементийг шуналтай үнсэв. Тэрээр өөрийгөө аль гучаад оны үед алагдсан Хэнтийн Ганжуур тайжийн ганц хүү гэдгээ ёс төртэй мэдэгдэв. Манайхан архив шалгаад үзтэл үнэхээр Ганжуур тайж гэгч байсан байна. Харин хүүтэй байсан эсэх, байсан бол тэр нь дүрэвсэн эсэх талаар юу ч алга. Ийм нас тогтсон баян хүн юу л гэж худлаа хэлэв, тэгээд ч үнэн худал нь ямар хамаатай юм бэ, хамгийн гол нь халаасанд нь бөөн мөнгө!!! Тайжийн төөрсөн хүүг төр засгийн томчууд өмчлөн аваад эцгийн нутаг руу нь аваачин эгээ л гэрийн буурийг нь эргэсэнгүй. Наадмаар тэр үс сахалдаа баригдсан харсаар байтал орос царайтай нөхөр монгол дээл, жанжин малгай өмсөөд гол асрын төвд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёртой зэрэгцэн суулаа.
Тэрээр мөн л Голландын суут зураачийн нутгаас буцаж ирсэн төдийгүй, зураг дээрхийн нэгэн адил сахал үсэндээ баригджээ. Харин халаасанд нь сая долларын чек байлаа. Тэрээр их нутагтаа ирэнгүүтээ Ромын папын нэгэн адил газар үнслээ. Буянт-Ухаагийн шороотой цементийг шуналтай үнсэв. Тэрээр өөрийгөө аль гучаад оны үед алагдсан Хэнтийн Ганжуур тайжийн ганц хүү гэдгээ ёс төртэй мэдэгдэв. Манайхан архив шалгаад үзтэл үнэхээр Ганжуур тайж гэгч байсан байна. Харин хүүтэй байсан эсэх, байсан бол тэр нь дүрэвсэн эсэх талаар юу ч алга. Ийм нас тогтсон баян хүн юу л гэж худлаа хэлэв, тэгээд ч үнэн худал нь ямар хамаатай юм бэ, хамгийн гол нь халаасанд нь бөөн мөнгө!!! Тайжийн төөрсөн хүүг төр засгийн томчууд өмчлөн аваад эцгийн нутаг руу нь аваачин эгээ л гэрийн буурийг нь эргэсэнгүй. Наадмаар тэр үс сахалдаа баригдсан харсаар байтал орос царайтай нөхөр монгол дээл, жанжин малгай өмсөөд гол асрын төвд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёртой зэрэгцэн суулаа.
...Байдлыг ойлгосон тэнэмэл хүү ч хэд хэдэн тохиолдолд сая долларын чекээ гарган гарын үсэг зурах гэснээ ямар нэг шалтгаанаар больчихоод байв. Явсных нь дараа манайхан биенээ аашлан, яг өгөх гэж байхад нь чи буруу үг хэлээд сэтгэлд нь юм хийчихлээ хэмээн бухимдана. Энэ эр хэд хоног төрийн тэргүүний хэмжээнд хүндлүүлж аваад, буцахдаа тэрбум доллар өгнө гэж амлав. Зах зээлийн үед улс орныг удирдана гэдэг ийм амархан сайхан, нэр хүндтэй юм гэдгийг нээсэн дарга нар маань бод идсэн боохой шиг цатгалдан үлдлээ. Сайхь эрийг дуртай цагтаа Монголд ирж тэрбумаар тоологдох хандиваа өгч байгаарай гэж ерөөгөөд Монгол Улсын шинэ хэвлүүлсэн дипломат паспортоор шагнав. Энэ эрийг Вьетнамын дайны үед ширэнгэнд төөрч явахад нь олсон ГЯЯ-ны нэгэн түшмэлийг эх орондоо тэрбум доллар олж ирснийг нь үнэлэн "онц бүрэн эрхт элчин сайд" цолоор хөхүүлэв. Тун удалгүй араас нь ГЯЯ-ны сайд өөрийн биеэр нутгийн тайжийн тэнэмэл хүүгийн гэрт зочиллоо. Тэрээр Англиас Герман руу явж байхдаа зориуд зам муруйн "албан ёсны айлчлал" хийсэн юм. Англи, Германы ГЯЯ-ны сайд нар төдийлөн тоохгүй, таван минут уулзсан болоод салахын түүс болж байсныг бодвол өнөөх монгол тайж Монголынхоо ГЯЯ-ны сайдыг гэртээ зочлон удтал хөөрөлджээ. Харин Ганжуур тайжийн хүү маань нэрийн хуудсан дээрээ өөрийгөө Чингисийн удмын сүүлчийн ганц ханхүү гэж тавьсан байсан нь хачирхалтай.
Юм дэс дараалдаг журмаар сайдын араас улсаас баахан зээл авч, өөрийгөө бизнесч гэж нэрлэсэн сүрэг хүмүүс Голландын нэгэн жижиг тосгон руу шил даран цувцгаалаа. Монголын хөдөөг харуулсан хэвлэмэл өнгөт зурагнаас авхуулаад савхин дээл xүpтэл янз бүрийн бэлэг сугавчлаад "нутгийн ахаа" эргэх эдгээр хүмүүсийн цаад чин хүсэл нь мөнөөх барагдашгүй мөнгө! Эдний хэн нь ч ахаасаа ганц улаан мөнгө салгасангүй. Харин Чингисийн удмын сүүлчийн ханхүү өөрийн алсан гэх ханандаа өлгөсөн хүний толгой үзүүлж, хэдийгээр Гиннесийн номонд хамгийн үнэ хүрсэн зураг 29 сая доллар гэдэг авч 35 саяар авсан уран зургаа гайхуулж, Грек Тайванд байдаг өөрийн үлэмж үнэтэй шилтгээний фотог харуулаад, хооллож ундлаад гаргана.
Харин голландыхны сонингуудад Мейжри хэмээх энэ нэрийн тухай сонин материал гаргах боллоо. Ява аралд төрсөн, Индонез ээжтэй, Голланд аавтай энэ эр Вьетнамын дайнд хөлсний цэргээр оролцон алуурчин болох замаа эхэлсэн нэгэн гэнэ. Каратэ сайн тоглодог, дээр нь панаал сүрхийтэйн хувьд Голландын хатан хааны торгон цэрэгт нэг хэсэгт биеэ хамгаалах урлагийн багш хийж явжээ. Энд тэнд бага сага луйвар, махинац хийсэн бага гарын луйварчин боловч, дорхноо тар нь танигдаад хэн ч итгэхээ больсон аж. Иймээс түүнд шинэ нэр сүр, шинэ тавцан хэрэгтэй болсон бөгөөд аз болоход энэ үед Чингисийн уугуул нутаг хаалгаа нээжээ. Тэрээр Монголд дуулиантай айлчлал хийсэнийхээ дараа биеэ Монголын хууль ёсны сүүлчийн ханхүүд өргөмжлөн, мөнөөх алсан хядсан хүмүүсийн зургийнхаа өмнө Монголын төрийн удирдагчийн бэлэглэсэн үндэсний хувцсыг учир утгагүй давхарлан өмсөөд зургаа татуулсныг нь харахад эртний бөө удган мэт. Жанжин малгай дээр хэн нэгний өгсөн генералын сүлдтэй тэмдэг хаджээ. Гарын үсгээ монгол гэр дүрслэн татах агаад урьд нь мөнөөх Чингисийн алтан ураг гэдэг үг бичихээ үл мартана.
Ердийн нэг бага гарын луйварчин, ертөнцтэй танилцаж амжаагүй Монголыг шуугиулж, ерөнхийлөгчид нь "бар болох" санаархлаа илэрхийлтэл нь нөлөөлж чаджээ. Хаалттай нийгэмд хооллуулж байсан Монгол гэнэт хаалга үүд нь нээгдэхээр юунд ч олзлогдохоор гэнэн цайлган байсан үе. Үүнд тэр үеийн удирдлагыг буруутгах учиргүй хэрэг. Юу гэвэл оронд нь Монголын хэн ч байлаа гээд хууртагдах л байсан, учир нь үзээд өгье гэхнээ хэнд маань ч ертөнцийн тухай үнэн төсөөлөл байгаагүй. Харин эндээс хийх нэг сонин дүгнэлт бол хөдөлмөр хийлгүйгээр зүгээр олз олох бидний сонин араншин харагдана.
Америк тивийг нээсний дараахан нутгийн индианчууд асар их алт сул хэвтэх Эль Дорадо хэмээх нууцлаг газрын тухай домог ярьдгийг Испаничууд олж мэджээ. Сул олз олох гэсэн олон мянган Испани, Португалчууд бүхэл бүтэн хоёр зуун жил Эль Дорадог хайсан юм. Мэдээж юу ч олоогүй боловч зүгээр сул хэвтэж байдаг эрдэнэс баялаг байдаггүй, бүгд хүний хөдөлмөрөөр бүтдэг гэсэн сургамж үлдээснээрээ их ач холбогдолтой Монголчууд түүхэн тохиолоор буй болсон ардчилсан хувьсгалаас хойш их багагүй Эль Дорадогийн эрэлд мордоцгоолоо. Харин асар их сул эрдэнэ олдохоос өмнө энд тэндхийн луйварчин зальтан дайралдах нь тун элбэг. Луйварчид ганц Монголд байдаггүй, хүний нийгмийг үргэлж дагалдсан сүүдэртэй тал учир хаана л бол хаана бий. Ямар сайндаа л дааж давшгүй мөнгө хөрөнгөтэй, түүнээ зүв зүгээр бэлэглэх бодолтой хамаатан садан газрын гаваас гараад ирэхэв.
Хэдэн жил Монгол даяар шуугиулсан төрийн албан ёсны мөнөөх үзмэрч бол зүгээр сууж хөрөнгөд хүрэх хорхой, тэр захиалга руу орж ирдэг луйварчин хоёр уулздагийн том жишээ юм. Үзмэрчээр Унгерний нуусан алт эрдэнэсийг эрүүлж, газрын тос хайлгуулан нисдэг тэргээр баахан авч давхисан нь мөнөөх л зүгээр сууж баяжих дон хүсэл шүү дээ. Өнгөрсөн зургаан жилд гадна дотны олон луйварчин бидэнд молиго үмхүүллээ. Тэнэг улсыг луйварддаг- зүсэн зүйлийн арга бий. Бөөн шуугиан үүсгэсэн "Молам", "Айбекс" бол өөр төрлийн луйвар. Америкийн хэдэн зальтан нийлж, нэг пүүс байгуулан Кайманы аралд бүртгүүлжээ. Тэд сүүлд нь зугтаахын тулд аль нэг аралд бүртгүүлдэг гэнэ. Тэгээд Монголыг бараг үнэгүй шахам л холбоожуулаад өгье гэж ирж панаалдаж л дээ. Үнэгүй юманд ясны дуртай Монголчууд тэдэнд 40 жилийн эрх олгочихож. Энэ эрхийг нь цааш нь үзүүлж баталгаа болгож байгаад баахан хувьцаа зарчихаж болж байгаа юм. "Айбекс" групп байгуулсан бенгаль эр бол үүнээс ч болхи юм хийсэн гээч.
Тэрээр Монголын ерөнхий сайдын орлогчийг зад панаалдаж байгаад 100 жилийн онцгой эрх гээчийг олоод авж. Чингээд Монгол руу хөрөнгө оруулалт хийх гэсэн гадны пүүсүүдэд мөнөөх баталгаагаа үзүүлэн сүрдүүлж татвар маягийн мөнгө нэхэж явсан байна.
Сүүлийн үед "мөнгө угаах" тухай ярих боллоо. "Бүр хэдэн тэрбумаар нь гээч. "Ардын эрх" -д өөрийгөө бизнесч гэж нэрлэсэн нэгэн бээр Нигэриэс мөнгө угаах урилга авсан гэж зарлаад, ер нь мөнгө угаах бодолтой байгаа. Гэхдээ үүнийг албан ёсоор л хуулийн дагуу угаана гээд Нигэрийн элчин сайдын яамтай тохирч байгаа гэж туужээ. Албан ёсоор ганцхан Японд л "мөнгө угаадаг". Юу гэвэл Япончууд биендээ мөнгө дурсгах нь их байдаг тул түүнээ "автомат хийнд" угаалгаж индүүдүүлээд шинэ юм шиг болгож авдаг гэнэ. Мөнөөх "мөнгө угаах" гээд байгаа нь шилжсэн утгатай үг ба хууль бусаар олсон мөнгийг далдлан хууль ёсны болгож авдаг эрүүгийн шинжтэй ажил. Иймээс албан ёсоор хуулийн дагуу хулгай хийнэ, хүн ална гэж байдаггүйн нэгэн адил хуулийн дагуу мөнгө угаана гэж хаанаас байх билээ. Мөнгө угаах ажил нь өөрийн дотоод дүрэмтэй, тогтсон зах зээлтэй. Ухаан нь хар тамхи зараад юм уу, банк дээрэмдээд асар их бэлэн мөнгөтэй болчихсон хүн, бэлэн мөнгөөр том худалдаа хийдэггүй ертөнцөд түүнээ дансных болгох хэрэгтэй болноо доо. Дээрэмдсэн мөнгөө банкинд аваачаад өгвөл шууд л шорон явна шүү дээ. Тэгэхээр жишээ нь Макао гэх мэтийн мөрийтэй тоглоомны газар мөнгөө аваачаад зохих хэсгийг нь шан харамжинд өгч, үлдсэн мөнгөө мөрийнээс хожсон маягтай болгоод дансны хууль ёсны хөрөнгөтэй болчихдог аж. Мөнгө угаадаг өөр олон мянган арга бий байх. Гэхдээ ерөнхий төрх нь энэ. Манайханг биенээ мөнгө угаах гэж байна гэж хардахаас гадна сайд дарга нар нь хүртэл зүгээр юманд дуртай юм болохоороо эвийг нь тааруулж мөнгө угаан хожмоо эх орноо үнэгүй хөгжүүлчих санаатай элдэв юманд их орооцолдох юм. Үнэхээр хэдэн тэрбум доллар Монголд угаагдахаар орж ирээд ашгаа өгвөл сайн л биз. Угааж л орхих хэрэгтэй. Гэхдээ юманд жаал эрүүл саруул хандах хэрэгтэй. Монголын зах зээлийн мөнгөний багтаамж чинь өчүүхэн зүйл шүү дээ. Үндэсний нийт бүтээгдэхүүн нь 500 сая, улсын төсөв нь 200 сая долларт багтдаг ийм жижигхэн түмпэн дотор хэдэн тэрбумын том гэрийн бүрээс яаж угаах гэсэн юм бэ? Нэг булхайтай авгай гадаадаас зургаан тэрбум доллар оруулж ирэхээр гэрээ хийчихсэн, сангийн сайд нь гэнэн тэнэг амьтан болохоор улс орноо үнэгүй хөгжүүлж дэд бүтцээ өөд нь татаж авах зорилготойгоор өнөөхөд нь баталгаа гаргачихсан, мөнгө угааж улсынхаа нэрийг хөөдөх нь гэж нэг сонин санаа зовчихсон, ийм сайхан нууц төслийг илчлээд бүтэхгүй болгочихлоо гээд нэг шүлэгч халаглаад нүүр дүүрэн юм бичиж байна гэдэг чинь онигоо байхгүй юу даа, таминь ээ! Зургаан тэрбум доллар гэдэг чинь учир замбараагүй их мөнгө.
Ийм хэмжээний их мөнгө ороод ирдэг юм бол түүнийг нь ашиглалгүйгээр зүгээр баталгаа болгоход л Монгол өнөөгийн эдийн засгийн хямралаас илбэтэй юм шиг суга үсрээд гараад ирнэ. Давай, угаадагсанж уу, индүүддэгсэнж үү, хууль бус байна уу, хуулиар байна уу түүнээ оруулаад ир л дээ. Гэхдээ энэ мөнгө бол Монголд дэндүү томдчихсон бодит бус их хэмжээ. Өөрөөр хэлбэл, цаана нь нэг муу жижиг гарын луйварчин л байгаа. Тэр жижиг гар нь Монгол хүн ч байж чаддаг болсны нэг жишээ мөнөөх Сангийн сайдаар баталгаа гаргуулж байгаад тэтгэврийн хөгшидөд очих ёстой 90 сая төгрөгийг нь туучихдаг Б.Гансүх гэдэг пацааны үйлдэл л дээ. Америкийн нэг судалгааны сан зүв зүгээр хэдэн сая доллар бэлэглэх гэж байна гэхээр манай дарга нарын дуртай байгааг яана аа! Энэ дэлхий дээр үнэгүй юм гэж байдаггүй юм шүү дээ. Монголын төрийн удирдагчдын сүүлийн үед их • шохоорхох болсон зүйл бол буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл. 300 мянган хэрэглэгчтэй Францын холбооны системийг хэдэн жилийн өмнө манайхан худалдаж аваад одоо 40 хувийг нь дүүргэж ашиглаж чадахгүй л байна. Гэтэл Япончууд дээр нь 100 мянган хэрэглэгчтэй систем үнэгүй бэлэглэв. Үнэгүй юманд дуртай өвчтэй юм болохоороо дарга нар маань ухайн тас шүүрч авчээ. Харин Япончууд энэ сүлжээгээрээ далимдуулаад Монголын холбооны дараа дараагийн тендерт илүү муу нөхцөлтэй мөртлөө ялалт байгуулан монополь тогтоож эхэллээ. Дэлхийн аль ч улс холбооныхоо системийг нэг орноос дан ганц хараат болгодоггүй журамтай гэнэ ээ. Манайд бол ерөөсөө Л нэг пүүсээс хамааралтай болчиж байгаа юм. Үнэгүй юм гэж үнэндээ байхгүй байгаа биз?
Хөнгөлөлттэй зээл! Ган хайлуулдаг улс хөгжилтэй харагддаг юм гэж ямар гай хөө нь дарга нарт маань хэлж өгсөн юм бүү мэд, 70 сая доллартай тэнцэх иений хөнгөлөлттэй зээлээр Дарханд ган хайлуулах үйлдвэр бариадахваа. Гаргах зах зээл ч байхгүй хөөрхий энэ үйлдвэр одоо зүтгээд зүтгээд жилд ганц сая долларын өрөнд оржээ. Дээр нь мөнөөх хөнгөлөлттэй зээлээр тариурын үйлдвэр барьсан нь бас иймэрхүү намтартай. Нэгэн зуучлагч зальтай этгээд хөнгөлөлттэй зээлийг нь олж өгөөд үйлдвэр оруулж ирье гэжээ. Үнэгүй юманд дуртай юм хойно засгийн газар баталгаа гаргаад л өглөө. Өнөө бичгийг нь үзүүлж байгаад цаад нөхөр хөнгөлөлттэй зээлээ олох нь ч олж. Дараа нь мэдээж тэр мөнгөөрөө өөрөө үйлдвэр оруулж ирсэн. Харин зуучилсны хөлсөнд уул үнээс нь хоёр" гурав дахин үнэтэй өгөхөө мэдэлгүй яахав. Зуучлагчид тэгж л амьдардаг юм чинь. Мөн эргүүлж мөнгийг нь төлөх эрсдэлийг нь тэр чигээр нь манай засгийн газарт үүрүүлэхээ ч мэднэ. Асуудал уул нь зээл олгохдоо биш, эрсдэлийг нь хэн үүрэхдээ байдаг юм л даа. Ингээд миний нөхөр өөрийн хувь хэмжээгээ аваад арилж өгсөн. Харин манайхан зах зээлийн судалгаагүй нэг сайхан үйлдвэртэй болоод авлаа. Борлогдохгүй бүтээгдэхүүн нь агуулахдаа багтахгүй байна. Ер нь ч тэгээд Монголд үйлдвэрлэсэн тариураар судасруугаа шивүүлж суух хүн гадаадад аль зэрэг олон бол? Би л лав жишээ нь Балбад үйлдвэрлэсэн тариураар үхсэн ч итгэж тариулахгүйдэг!
Иймэрхүү жишээ даанч олон. Эль Дорадо хайцгаагаад л! Улс орныг босгож ирэх юм бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт орж ирэхээр шулуул гэсэн парадокс байдаг. Харин манайхан хөгийн луйварт итгэдэг гэнэн мөртлөө гадны хөрөнгө оруулалтанд хичнээн хүйтэн ханддаг гэж санана! Тэмүүжин Мэнчийг хөөгөөд явуулсан. Солонгосын нэг ресторан бол жижиг ч гэсэн хөрөнгө оруулалт, гэтэл цагдаа нар авгайгийнхаа хатгаасаар очиж эзнийг нь эхнэртэй нь бороохойдож баривчилсан. Тагнуулаар дүүрсэн гэж хараан, байн байн шалгаж юмыг нь хураасаар байгаад Богд Хангай рестораныг сүйрүүлсэн. Ийм газар бэлээхэн ийм жишээ байхад дараа дараагийн хөрөнгө оруулагчид дэд бүтэцгүй, дэндүү жижиг Монголын зах зээл рүү орж ирэх үү! Манай үүд хаалга онгорхой шүү гэж хэдэн дарга нар маань гадаадад айлчлахдаа маань мэгзэм шиг юм уншаад л явдаг. Гадаадад хөрөнгө оруулалтын хууль гаргасныгаа учиргүй харж үзсэн юм болсон мэт тууж байхыг нь харахад өмнөөс нь ичмээр, тэгээд өрөвдмөөр. Зургаан жил өнгөрчихөөд байхад хэдэн сая долларын хөрөнгө оруулалт орж ирчихээд байнаа даа? Орж ирсэн хөрөнгө оруулалтын ихэнх нь газрын тосны хайгуулд оногдож байна. Гэтэл тэднийг ч загнаж аашлан хөөж туух нь элбэг болжээ.
Эль Дорадо гэж байдаггүй. Энэ бол домог. Баялагт зөвхөн хөдөлмөрөөр хүрдэг. Оюун ухаан, өндөр боловсрол ч гэсэн хөдөлмөр юм шүү дээ.
Б.Баабар
1997 оны 2 дугаар cap
No comments:
Post a Comment